Айшшигийн өгүүллэг. ЗООРЬ XIV хэсэг
Батжаргалыг дамжлан өргөж унтлагынхаа өрөөний орыг чиглэн алхсан эхнэр нөхөр хоёр
Оюунчимэгийн саяын үгийг сонсоод хоёр бие рүүгээ зогтусан гайхан харлаа. Батжаргалыг
орон дээр хэвтүүлмэгцээ тэд хөлийг нь яаран боох ажилдаа шамдав. Ядахад цэвэр даавуу
олдохгүй байсан учир цагаан хэрэглэлээ ханз татан боож цусыг нь тогтоов.
Гэтэл Оюунчимэг буцаж ирээд тэднийг харан зогсож байснаа “Батжаргал ах яалт ч үгүй дээр
байна” гэж хэлээд ухаан алдан уналаа. Батжаргал дээр байна гэсэн энэ үг хэний ч гайхлыг
төрүүлж анхаарлыг нь татахуйц байсан ч Галсан Хэрлэн хоёр нүдэн дээр нь ухаан алдаад
уначихсан дүүдээ яалт ч үгүй санаа тавихаас өөр аргагүй болов. Тэд сандралдан Оюунчимэгийг
Батжаргалтай зэрэгцүүлэн хэвтүүлээд сэргээх гэж аль байдгаараа оролдлоо. Оюунчимэг
сэргэхгүй байх бөгөөд энэ үед Хэрлэн бүр яахаа мэдэхгүй сандарч нус нулимстайгаа холилдон
зогсоход Галсан харин хаа очиж сэхээтэй байв.
-Хэрлээн, чи дэмий уйлж байхаар гарч хөршүүдээс тусламж дуудаад хэнийг ч хамаагүй
дагуулаад ирээч.
Юу хийхээ мэдэхгүй сандран зогссон Хэрлэн нөхрийнхөө энэ үгийг сонсоод год үсрэн гарлаа.
Аль хэдийнэ шөнө болж айл амьтан унтжээ. Хэрлэн нэг л мэдэхэд өнөөх өөрийг нь халгаагаагүй
айлынхаа хаалгыг аврал эрэн балбаж байх нь тэр.
Удалгүй “хэн бэ” гэсэн цахиртсан хоолойтой хөгшин эмгэний дуу хаалганы цаанаас
сонсогдов.
-Ах аа туслаарай манай гэрт хүн үхэх нь. Гуйж байна хаалгаа тайлаач дээ. Хэрлэнг ингэж хэлээд
одоо хаалганы түгжээ тайлагдана хэмээн тооцоолж хүлээв. Хэдий хаалга нээгдэх хугацаа
өнгөрсөн ч таг чиг. Хэрлэн яахаа мэдэхгүй дэмий л амьсгаагаа даран чимээ чагнан хүлээлээ.
-Наад айл чинь хаалгаа тайлахгүй ээ гэсэн жаахан эмэгтэй хүүхдийн дуунаар Хэрлэн салгалтал
цочин эргэн харлаа. Дахиад л өнөөх Цэнгэл охин байв. Тэрээр өнөөх л дүрэмт хувцастайгаа
зэвхий царайлан өөрийг нь ширтэж байгааг хараад айсандаа Хэрлэнгийн ухаан балартаад ирэх
шиг боллоо. Өнөөг хэр нь хаалгаа тайлаагүй байгаа хөршийн том модон хаалгыг нуруугаараа
налж зогссон Хэрлэн хэл амаа арайхийн эвлүүлэн байж дуугарлаа
-Чи яах гэсэн юм бэ, юу хэлэх гээв?
-Чи бас чиний нөхөр чинь ч үхнэ. Цэнгэл ингэж хэлээд Хэрлэнгийн нүд рүү надаас дахин юу
асуух вэ гэсэн шиг өнөөх хүйтэн харцаараа нүд цавчилгүй ширтлээ. Хэрлэн дэмий л мэгшиж
хөршийнхөө хаалгыг нуруугаараа налан доошоо суугаад сульдаж тамирдсан гараараа арай
ядан цохилов. Хөршүүд нь ямар ч хариу өгөхгүй нам жим хэвээрээ. Хэрлэн гүнзгий амьсгаа
аваад дахин асуулаа
-Чи миний охинг яасан? Саруул хаана байна?
-Зоорин дорх шороогоо ух. Цэнгэл ингэж хэлээд харанхуйд замхран алга болов. Хэрлэн
жаахан тайвширчээ. Тэрээр өндийж ирээд энэ айл хаалгаа тайлахгүй юм байна гэдгийг мэдээд
хар тэнхээгээрээ хаалгыг хэдэнтээ өшиглөв. “Хувиа хичээсэн новшнууд минь наад муу өмхий
байшиндаа илжирч үхээрэй. Мэдэв үү” гээд эргэтэл харин араас нь байшин дотроос түрүүний
эмгэн “Бид биш та нар л үхнэ дээ” гэж хариулах нь тэр. Хэрлэн тэссэнгүй дахин очиж хаалгыг
балбалаа.
-Та хаалгаа тайлаач. Ярилцъя, яагаад бид үхнэ гэж, хариулаач дээ. Наад хаалгаа одоохон
тайл. Бидэнд туслаач дээ, гуйж байна Хэрлэн ийнхүү хичнээн учирласан ч хөрш нь хаалгаа
тайлсангүй. Галсангийн хажуу хөршүүд нь ч гэсэн ямар нэгэн айдаст автан амьдардаг бололтой.
Уг нь шөнө үдшийн цагаар ганц эмэгтэй хүн ингэж уйлж учирлаж байхад хэн ч байсан ядаж
хаалгаа тайлж тайвшруулах ёстой баймаар. Гэтэл тэгсэнгүй. Магадгүй хаалгаа л тайлах л юм
бол гэрт нь үхэл орж ирээд бүгдийг нь там руу аваад яавах гэж байгаа юм шиг аашлах нь
Хэрдэнд даанч эмэгнэлтэй байлаа.
-Чи чинь яачихав аа гэх нөхрийнхөө дуунаар Хэрлэн сая сэхээ авсан мэт эргэн харлаа.
-Энэ айл дотор нь хүн байгаа хэрнээ хаалгаа тайлахгүй байна.
-Орхи цаашаа. Батжаргал Оюунаа хоёр хоёулаа ухаан орсон, түргэн ч дуудсан хоёулаа гэртээ
оръё гэж Галсан хэлээд Хэрлэнгийн гараас хөтлөн гэр лүүгээ алхахыг завдлаа. Галсан дэндүү
их тэвчээр гаргаж байв. Үнэндээ түүнд гайхах эргэлзэх бас айх зүйл мундахгүй их байгаа ч
энэ бүхнийг түр мартаад дүүгийнхээ амийг аврах талаар санаа тавин гэж өөрийгөө чадах
ядахаараа хянан эрүүл ухаанаар асуудалд хандах гэж оролдоно. Харин Хэрлэнгийн хувьд
бараг л хагас галзуурлын байдалд оржээ. Ор сураггүй алга болсон охиндоо санаа зовохын
хажуугаар гэнэтийн маш олон үйл явдал айдас түгшүүрт автсаар ёстой л нөгөө орон гаран
амьтан болон хувирчээ. Хэрлэн нөхөртөө саяын Цэнгэл охины тухай хэлэх гэсэн ч хамаг үг нь
хоолой дээр нь ирээд гацчихсанд дэмий л нөхрөө тэврэн асгартал уйлсаар ухаан алджээ.
... Нэг л мэдэхэд Хэрлэн толгой дээрээ хүйтэн жин тавиулсан гэртээ хэвтэж байлаа. Нүдээ нээж
орчин тойрноо сайтар ажиглав. Аль хэдийнэ гэгээ орсон байх бөгөөд Батжаргал Оюунчимэг
хоёрыг хэвтүүлж байсан өнөөх унтлагын өрөөний өргөн орон дээрээ ганцаараа хэвтэж байв.
Дөнгөж өндийтөл өөдөөс нь Галсан уур савссан цай, шөл, талх зэргийг цайны тавиур дээр
барьсаар орж ирлээ.
-Өө ашгүй дээ. Чи минь сэрчихээ юу. Зөндөө их санаа зовлоо шүү. Яаж байна?
-Батжаргал, Оюунчимэг хоёр яасан? Хэмээн Хэрлэн асуултыг асуултаар хариуллаа.
-Батжаргал эмнэлэг хүргэгдсэн. Харин Оюунаа дээд давхарт байгаа.
-Тэгвэл би яасан хэрэг вэ. Юу ч санахгүй байна.
-Миний хайрт одоо тархиа их ажиллуулах хэрэггүй ээ. Эмч чамайг маш их айж ядарсан байна
гэж хэлсэн. Чи өчигдөр шөнө гадаа намайг тэврээд уйлж байснаа гэнэт л ухаан алдаад унасан.
Азаар түргэн ирж байсан болохоор чамайг жаахан сэргээгээд тайвшруулах тариа хийгээд
унтуулсан. Олигтой хоол идэхгүй, үргэлж сэтгэлээ зовоосоор байгаад ядаргаанд орсон байна.
Чамайг сайн амарч хоол унд идээд биеэ сайн тордох хэрэгтэй гэж эмч хэлсэн.
Хэрлэн уртаар санаа алдаад буцаж хэвтлээ. Цагаан халаадтай хоёр эмэгтэй ирж өөрт нь тариа
хийж Галсан тэдний хажууд зогсоод өөрт нь тариа хийж Галсан тэдний хажууд зогсоод өөр
лүү нь санаа зовсон нүдээр тасралтгүй ширтэж байсан нь бүүр түүрхэн санаанд нь орох шиг
болов.
-Саруул ирээгүй биз?
-Ирээгүй, ямар ч сураг хэвээрээ л байна. Миний хань одоо битгий хямар. Ингэсээр байгаад бүр
дордоод охиноо ирэхэд хэвтэрт орчихсон байвал яана. Галсан ингэж хэлэхдээ зориуд эхнэрээ
тайвшруулахыг хичээсэн нь андашгүй аж. Хэрлэн үүнийг нь хэдий мэдэж байсан ч сэтгэл нь
жаахан уужраад ирэх шиг болжээ.
Галсан эхнэртээ шөл халбагадан уулгаж аль болох сэтгэлийг нь сэргээх гэж сайн сайхан үгс
хэлнэ. Үнэндээ Галсангийн сэтгэл тийм гээд илэрхийлэхийн аргагүй шаналж, айдас түгшүүр
түнсэн янзын эргэлзээндээ төөрч хямралдан байсан ч ямартай ч эхнэрээ халамжлан тайван
байлгах гэж ийн хичээж байгаа нь аргагүй бахархмаар. Галсангийн сэтгэл гарган чамгүй
халамжилсны ачаар Хэрлэн овоо дээрдэн өндийгөөд ирлээ. Өчигдөр шөнө Батжаргалын хөлийг
боохдоо дундуур нь цуулж сиймхий болгосон хөнжлийн даавууг Хэрлэн анзаарч хармагцаа
нэгийг санав бололтой Галсан руу хараад асуув.
-Батжаргал тэгээд гайгүй юу. Аймар их цус алдаж байсан?
-Ямар ч байсан ухаан орсон. Гайгүй байхаа. Гэхдээ ярихгүй байсан.
-Ер нь өчигдөр та хоёр яагаад зоорь луу орсон юм бэ?
-.../Энэ асуултанд Галсан хариулах шаардлагагүй гэж үзсэн бололтой/
-Тэгээд тэр зоорин доор юу байна?
-Ямар ч байсан их хүйтэн байна лээ
-тэнд юу байна вэ гэж асуусан болохоос биш хэр зэрэг хүйтэн байна гэж асуугаагүй шүү дээ
Хэрлэнгийн ингэж бухимдан асуусан нь нэг бодлын аргагүй байлаа.
Өмнө нь үргэлж доороос нь цохиж үл мэдэх чимээ гарч байсан тэр харанхуй нүхэн дотор
юу байсан бол гэдгийг олж сонсохсон гэхээс байж ядна. Галсан юу гэж хэлэхэээ мэдэхгүй
дэмий л эхнэрийнхээ царай руу харан хөмсгөө зангидан сууж байлаа. Хэрлэн хүлээж тэссэнгүй
үргэлжлүүлэн асуулаа.
-Батжаргал яагаад тэгж айхтар бэртчихсэн юм бэ. Арай та хоёр муудалцаж тийм байдалд
хүрсэн юм биш биздээ?
-За үгүй дээ. Бид хоёр яалаа гэж муудалцах билээ. Өчигдөр та хоёрыг автобусны буудал руу
явсны хойгуур чинь Батжаргал надад зоорь луу орох санал тавьсан юм. Тэгээд л хамтдаа
доошоо орсон. Зоорин доор юу ч байж мэднэ гэж бодож байсан болохоор бид өөрсдийгөө
зэвсэглэсэн. Тэгээд гар чийдэн тусгаад шат тавиад буухад төсөөлж байснаас харьцангуй
гүнзгий байсан. Удалгүй бид хоёр зоорины ёроолд хүрсэн.
-Тэгээд? Хэрлэн Галсангийн тэртэй тэргүй ярьж байгаа яриаг ийн таслан асуух нь дараа нь юу
болсон бол гэдгийг мэдэхсэн гэхээс байж ядан байгааг нь илэрхийлж байлаа.
-Тэнд маш хүйтэн, харанхуй байсан. Шуудайлж хэрэггүй болсон новш л байгаа бололтой
харагдсан шүү. Тэгтэл гай болж хэн нэгэн нээлттэй байсан зоорины хаалгыг хаачихсан. Гайхаад
байж байтал гэнэт л миний хөлнөөс хэн нэгэн зуураад авах шиг санагдахад би айсандаа дээшээ
зүтгэсэн. Галсан ингэж хэлээд дахин өчигдөрийнхөө айдаст автав бололтой дуугаа хурааж
зоорь байгаа галынхаа өрөөг тусгаарласан хана руу айдас хурсан нүдээр харлаа.
-тэгээд дараа нь юу болсон бэ? Яриач дээ?
-Тэгээд үү, бид хоёр дээшээ зугтсан. Галсангийн ингэж хэлэхэд түүний нүдэнд өчигдрийн
зооринд байсан тэр бүх зүйл, үйл явдал дахин үзэгдэж байгаа бололтой. Тэрээр дуу нь сулран
хөмсгөө зангидан ярьж байлаа.
Миний гартаа атгасан бороохой нэг мэдэхэд л гээгдчихсэн байсан. Би хамаг хурдаараа дээүээ
зүтгэж байхад Батжаргал миний араас авирч намайг яаруулж байлаа.Бидний доороос нэг
тиймэрхүү чахарсан чимээ сонсогдох шиг болж хэн нэгэн хөөх шиг санагдсан. Байдаг хурдаараа
дээшээ зүтгэсээр арай хийж зоорины хаалганд тулж ирэхэд гацчихсан байдаг байгаа. Шууд
түлхэж хүрэхгүй байсан болохоор би Батжаргалын мөрөн дээр гишгээд хүчлэн түлхсэн. Гэвч
нээгдээгүй. Би үнэндээ Батжаргалын юу гэж хэлээд байгааг нь сайн сонсож чадаагүй. Маш
их сандарсан байсан. Ямар ч л байсан Батжаргал намайг амь тэмцэн яаруулж байгааг нь л
мэдсэн. Өнөөх доороос дуулдаж байсан чимээ бид хоёр луу улам ойртож бараг тулаад ирэх
үед зоорины хаалга арайхийн нээгдсэн. Тэгээд намайг тэр хараал идсэн зоориноос гарч ирэхэд
Батжаргал араас гарч ирээгүй. Би буцаж ороод Батжаргалыг ухаангүй хэвтэж байгааг олсон.
Батжаргал зоориноос гарах гээд шатаар өгсөж байхдаа санамсаргүй халтираад өөрийнхөө
хутганд өртчихсөн юм билээ. Тэгээд үүнээс хойш юу болсныг нь чи мэдэж байгаа.
-Намайг ухаан алдсаны дараа юу болсон бэ?
Хэрлэнгийн энэ асуултыг сонссон Галсангийн царай өөрийн эрхгүй хувираад ирлээ. Хэрлэн
нөхрийнхөө баргар царайнаас ямар нэгэн таагүй явдал болсныг гадарлаж түүнийг нь нөхөр нь
өөрөөс нь нуугаад байгааг мэдэх шиг боллоо. Галсан түүний асуултанд хариулахгүй чимээгүй
суусаар байсанд Хэрлэн тэссэнгүй.
-Ингэхэд Оюунчимэг яасан бэ? Батжаргал ах дээд давхарт байна ч гэх шиг нэг хачин юм яриад
байсан?
Айшшигийн өгүүллэг. ЗООРЬ XV хэсэг
Галсан эхнэрээ ийн асуухад тааз руугаа ширтсэнээ юу ч дуугарсангүй биеэ хураан суув. Гэтэл
гэнэт дээд давхарт Оюунчимэгийн тачигнатал хөхрөөд гүйх чимээ сонсогдов. Тэрээр дээд
давхарт хэн нэгэнтэй тоглож байгаа бололтой. Хэрлэн хүзүүгээ өргөн дээшээ тааз ширтэж
байснаа нөхөр лүүгээ харан асуулаа.
-Оюунчимэг дээр хэнтэй тоглоод байгаа юм бэ?
-...
-Хариулаач. Би галзуурах нь.
-Батжаргалтай
-Галсаан, чи чинь солиорчихоо юу. дөнгөж сая Батжаргалыг эмнэлэгт хэвтүүлсэн гэж хэлээ
биздээ
-Тиймээ
-Тэгээд?
-Бас нэг Батжаргал байгаа юм байлгүй дээ
Хэрлэн тэссэнгүй. Хөнжлөө хуу татаж хаяад дээд давхар луугаа очихоор өндийлөө. Түүнийг
дөнгөж өндиймөгц дахин толгой нь эргэж эгээтэй л уначихсангүй тул Хэрлэн хэдэн хором
хөдлөлгүй зогсож байгаад дээшээ гүйлээ. Харин Галсан эхнэрээ хорьсонгүй араас нь ч
дагасангүй. Оюунчимэг өрөөнд хүн орж ирсэнийг ч анзаарах сөхөөгүй хана руу харан сууж
хэн нэгэнтэй ярилцана. Хэрлэн үнэхээр нүдэндээ итгэсэнгүй. Түүнийг харсаар атал энэ өрөөнд
ганцхан Оюунчимэг байх аж. Тэгсэн хэрнээ л нүдэнд үл үзэгдэх хэн нэгэнтэй оройн хоолон
дээр юу тдэх тухай ярилцаж амаа таглан хүзүүгээ савлан хөхрөх нь эрхгүй айдас төрүүлмээр.
-Оюунчимэг ээ, миний дүү хэнтэй яриад байгаа юм бэ? Хэрлэнг ингэж асуухад Оюунчимэг сая
яриагаад зогсоолоо. Тэрээр Хэрлэн рүү хагас эргэж хараад “чшшшш..... аяархан Батжаргал ах
их өлссөн учраас ууртай байгаа. Та яваад хоол хийж бай” гэх нь тэр.
Солиорчихжээ, солиорчихож хэмээн Хэрлэн амандаа үглэсээр доошоо буух гэж гүйх замдаа
Галсантай мөргөлдлөө. Оюунчимэг дахиад хана руу харан ганцаараа яриагаад шивнэн ярьж
байлаа. Галсан Оюунчимэгийн өрөөний хаалгыг хаагаад эхнэрээ дагуулан доошоо буухыг
завдан гарыг нь атгав.Хэрлэн бүр хямарч орхижээ.
-Яагаад, яагаад ийм юм болж байгаа юм бэ. Би итгэхгүй байна. Энэ бол зүүд% би сэрмээр
байна. Бас чи наад гараа тат мэдэв үү
-Миний хайрт тайвшир даа. Хоёулаа доошоо бууж ярилцъя.
-Үгүй ээ. Юу ярих юм бэ. Ярих юм юу ч байхгүй. Бидний амьдрал нүдэн дээр сүйрч байна,
чи ойлгож байна уу. Яриад байх юу ч байхгүй дууссан. Саруул алга болсон.Магадгүй үхсэн.
Хэрвээ амьд байсан бол гэртээ ирэх л байсан. Ирж чадахгүй боломж байдаггүй юм аа гэхэд
ядаж өдийд сураг нь гарах болсон, тийм биздээ.
Галсан эхнэрийнхээ энэ асуултанд хариулсангүй. Үнэндээ Хэрлэнгийн хэлсэн саяын үг бүхэн
үнэн гэдгийг Галсан дотроо хүлээн зөвшөөрч байв.
-Чи хариулаач, тийм биздээ. Оюунчимэг солиорчихож. Ердөө л манайд ганц хонохын дотор
л солиорсон байна. Батжаргал ч гэсэн эмнэлэгт юм ярьж чадахгүй шаналан хэвтэж байгаа.
Бидний хайртай нохой ч бас үхсэн. Одоо зөвхөн бид хоёр л үлдлээ. Гэхдээ бид хоёр ч бас
удахгүй, магадгүй өнөөдөр үхнэ. Энэ бүх юм асар хурдан болж байна. Тийм ээ яг тэр хөрш
айлын тэр новшийн эмгэний хэлснээр бид мөдхөн үхнэ.
-Хөршийн эмгэн биднийг үхнэ гэж чамд хэзээ хэлээв?
-Өчигдөр шөнө. Тэрний хэлсэн яг үнэн байхаа. Би зөнгөөрөө мэдэрч байна. Бас тэр зэвхий
царайтай зэтгэрийн охин ч гэсэн биднийг үхнэ гэж хэлсэн. Бас зоорин доорх шороогоо ух ч
гэнэ үү нэг юм хэлсэн. Хэрлэн ингэж хашхиран хэлээд эхэр татан уйллаа.Галсан эхнэрийнхээ
саяын хэлсэнийг сонсоод хөшиж орхих нь тэр. Нээрээ бид мөдхөн үхэх байх даа гэсэн бодол
Галсанд төржээ. Энэ бодол нь түүнд үнэхээр санагдаж байсан ч үхлээ хүлээж болж байгаа
муу бүхэнтэй эвлэрч суух нь дэндүү ичгүүртэй санагдав. Ингээд Галсан Хэрлэнг тайвшруулж
доод давхартаа хамтдаа бууж ирлээ. Галсан Хэрлэнг сэрэхээс өмнө зоорины тагийг бүдүүн
дөрвөлжин модоор шалтай нь холбон хадаж орхижээ. Ингэснээр галын өрөөнд суух нь арай л
тайван мэт болжээ. Тэд түргэн дуудаж Оюунчимэгийг хэвтүүлэх тухай ярилцав.
Үүрээр Хэрлэнг ухаан алдсан хойгуур Оюунчимэг сэргэж эрүүл хүн шиг л Батжаргалыг
машинд оруулахад нь тусалсан гэнэ. Тэгээд түргэний машиныг явсны хойгуур дээд давхартаа
Батжаргал ах намайг дуудаад байна гээд л хий юмтай ярьж эхэлсэн ажээ. Галсан эхнэрээ сахих
хэрэгтэй байсан учраас Батжаргалыг дагаж эмнэлэг рүү явсангүй, харин өглөө очихоор болж
эмч сувилагч нарын нь утасны дугаарыг авч үлдээд бусад ах дүү нартайгаа холбоо барьж
Батжаргалыг хэвтүүлсэн эмнэлэг рүү явуулжээ.
Эхнэр нөхөр хоёрыг ийнхүү ярилцан суутал Оюунчимэг буугаад ирэв. Түүний нүдний харц
тогтохгүй түргэн түргэн эргэлдэж ямар нэгэн зүйлийг хайна. Тэгснээ яагаад одоо болтол хоол
хийгээгүй байгаа юм бэ? Хэмээн Хэрлэн рүү уурсан харав.
-Миний дүү өлссөн юм уу. Эгч нь одоохон хоол хийгээд өгье гээд Хэрлэн сандал дээрээсээ
яаран бослоо. Хэрлэнгийн энэ үйлдэл нэгэнт сэтгэц нь өөрчлөгдөөд байгаа дүүгээ аргадан
тайвшруулах гэснийх байлаа.
-Би өлсөөгүй ээ. Харин Батжаргал ах өлсөөд байна. Гоё амттай хоол хийгээрэй тэгэхгүй бол
тэр идэхгүй шүү
Хэрлэн юу ч хариулж чадсангүй. Харин Галсан миний дүү ч гэсэн хоол идээрэй гэж хэлээд
түрүүн Хэрлэнд зориулж буцалгасан шөлнийхөө үлдэгдлийг Оюунчимэгт савтай нь авч өгөв.
Оюунчимэг яг л жаахан хүүхэд шиг баярлажээ. Одоо бид хоёр хоолтой болсон доо, гоё доо
хэмээн тэрээр амандаа шулганасаар жижиг савтай шөл хоёр гартаа барьсаар дээд давхар өөд
яаран гарав. Галсан Хэрлэн хоёр ч араас нь дагалаа. Оюунчимэг өнөөх л дээд давхрын жижиг
өрөөндөө оронгуутаа хаалгаа хаагаад замган түгжээгээр нь түгжчихэв.
Галсан Хэрлэн хоёр яаж ч чадсангүй хаалганы гадаа үлджээ. Түгжээг нь эвдээд хойноос нь
орж болох байсан хэдий ч тэртэй тэргүй солиорчихоод байгаа хүнийг бүр их догшруулж мэднэ
хэмээн болгоомжлов.
-За аа май Батжаргал ахаа цадталаа иднэ шүү
Оюунчимэгийн саяын хэлснийг сонссон Хэрлэн тэссэнгүй шууд л гар утсаа шүүрч аваад эмнэлэг
рүү залгаж “Хүн солиорчихоод байна. Түргэн ирээрэй” гэж хашхирах шахам хэлээд хаягаа
зааж өглөө. Харин Оюунчимэгийн хувьд өрөөний гадна юу болж байгаа нь огтхон ч падгүй
байгаа бололтой. Эхнэр нөхөр хоёр өрөөний гадна яахаа мэдэхгүй зогсч байснаа түргэний
машин иртэл доод давхартаа хүлээж байхаар шийдэж буув. Тэдний охиноо ирнэ гэсэн сэтгэл
найдвар бараг бөхжээ. Гэхдээ л юмыг яаж мэдэхэв гэсэн шиг сэтгэлдээ битүүхэн харуулдсаар
байх аж. Түргэн дуудаад бараг хоёр цаг болсон хэдий ч ирсэнгүй. Оюунчимэгийн дээд давхарт
ярих нь үе үе сонсогдож байсан ч хашхирч сүйд болсонгүй тайван байв. Оюунчимэгийн
хувьд оюутны дотуур байранд амьдардаг одоохондоо Хэрлэнгээс өөр тулж түших хүнгүй
байгаа нэгэн. Хотод байдаг ганц эгч нь Хэрлэн бөгөөд тэдний хөгшин аав ээж ах дүүс нь
цөм хөдөө амьдардаг билээ. Харин Батжаргал Галсан хоёр хотод олон ах дүүстэй болохоор
Батжаргалын хэвтэж байгаа эмнэлэгт Галсангаас бусад бүх л ах дүүс нь цуглараад байгаа
сурагтай. Галсан Батжаргалын биеийг утсаар лавлан асуусаар байгаа бөгөөд Оюунчимэгийг
эмнэлэгт хэвтүүлмэгцээ яаран очихоор шийдээд байжээ. Түргэн дуудсанаас хойш нэлээд хэдэн
цаг өнгөрч үд болох дөхөж байсан ч өнөөх эмнэлгийн машин нь таг чиг. Хэрлэн тэсэлгүй
сүүлчийнхээ нэгжээр дахин залгаж дуудлага өгсөн тухай сануулахад танайхыг олохгүй байна
гэж хариулаад дахин заалгаж байтал утас нь тасарлаа. Гай таарч яг хэрэгтэй үед утасных нь
нэгж дууссанд Хэрлэн бухимдахын дээдээр бухимдав. Эхнэр нөхөр хоёр яах ч аргагүй болжээ.
Гадагшаа дэлгүүр лүү гарч нэгж худалдаж авъя гэхэд гар утасны карт зардаг дэлгүүр чамгүй
хол. Галсанг тийшээ явъя гэхэд Хэрдэн энэ байшинд чамгүйгээр ганц ч хором байж чадахгүй
гээд явуулсангүй. Хоёул хамт явъя гэхэд Оюунчимэгт санаа зовоод болсонгүй. Магадгүй ийм
байдалтай байгаа хүн өөрсдийг нь эзгүйд хашаа байшингаа шатаах эсвэл бүр амиа хорлож ч
мэднэ хэмээн болгоомжлосондоо тэд хамт явахаас татгалзжээ. Гэвч утсандаа нэгжгүй, бусадтай
холбоо барих боломжгүй бол бараг л амьдрал зогссоноос ялгаагүй байсан учраас Õýðëýí
ганцаараа дэлгүүр явахаар болов. Ингээд Галсан хий юм харж хий юмтай яриад байгаа өөрөөр
хэлбэл байхгүй байгаа Батжаргалтай жигтэйхэн сайн найзалж байгаа Оюунчимэгийг эхнэрээ
иртэл ганцаараа харгалзаж байхаар боллоо